#Educated Review: ЭДИЙН ЗАСАГТ ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО 2019 – Бизнес эрхлэгч залуучуудын чуулган

НИЙТЭЛСЭН: Ж. ЭНХЖИН
Co-founder & COO, Educated Enterprise LLC
2019 / 10 / 15     391

Монгол улсын өнцөг булан бүрт амьдарч буй бизнес эрхлэгч залуус буюу нийгмийн бүтээлч хэсгийн төлөөлөл болсон 15-34 насныхныг хамруулсан “ЭДИЙН ЗАСАГТ ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО 2019” Бизнес эрхлэгч залуучуудын үндэсний чуулганыг 2019.10.10-нд МХАҮТ-ын дэргэдэх Бизнес Эрхлэгч Залуучуудын Зөвлөлөөс “1 зорилго 1 бодлого” уриатайгаар зохион байгуулсанд оролцлоо.

Бүтэн өдрийн турш болсон чуулганы зочин илтгэгч, панелист болон модераторууд нь зурагт, радиогоор дүрсийг нь харж дууг нь сонсдог Монголдоо л амжилттай яваа хийсэн бүтээсэнтэй мундаг эрхмүүд байсан тул илтгэл, хэлэлцүүлгүүд нь маш их санаа авах, бодож эргэцүүлэх, өө нээрээ тэрийг ингэвэл, тэгвэл зүгээр байж гэсэн санаа төрүүлсэн өргөн цар хүрээ бүхий агуулгатай байлаа.

Уг чуулганы үндсэн хэсэг нь 4 багц илтгэл, хэлэлцүүлгээс бүрдсэн ба төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд болон 2 хөршийн маань худалдааны байгууллагуудын төлөөллүүд оролцон бид хоорондоо хэрхэн хамтарч нэгдэн илүү бүтээмжийг бий болгох бэ, яагаад нэгдвэл илүү хүчтэй болдог юм гэсэн асуултуудад хариулт өгч, залуус та нар нэгдээч ээ гэсэн уриалгыг дэвшүүлснээрээ маш зөв зүйлийн төлөө дуугарсан залууст нэгийг бодогдуулж, цаашлах эрч хүч хайрласан сайхан арга хэмжээ болсон гэж би хувьдаа дүгнэсэн.

www.educated.mn

Хэлэлцүүлэг 1: Төрөөс бизнес эрхлэгч залуучуудыг дэмжих бодлого

Энэ хэсэг бол уг чуулганы хамгийн сонирхолгүй хэсэг байсан гэж болно. Учир нь төрийн уригдсан эрхмүүд болон заримынх нь бие төлөөлөгчид уриа лоозон маягийн хэдэн үг уншсан тийм ер нь бүхий л арга хэмжээн дээр байдаг нийтлэг төрх ажиглагдсан. Ирсэн төлөөлөгчдийн ярьж байгаа зүйлс нь бид залуусыг дэмжмээр байна, дэмжих маш олон ажлууд санаачлаад хийж байгаа тэгэхдээ хүмүүс мэдэхгүй байгаа болохоор сайн хамрагдахгүй байна. Бид нар дэмжинэ төслөө бичээд ирээд уулз, залуучууд та нар ер нь залхуу байгаа болохоор л дэмжигдэж чадахгүй байна даа маягийн.

Тэгэхдээ үйлдвэрлэлийн санал санаачлагууд, төрийн хамгаалалтаас буюу хорих болон асрамжаас гарч буй залууст ажлын байр бий болгох тэднийг нийгэмшүүлэх төслүүдийг маш ихээр дэмжинэ. Мөн ГБХЗХГ (Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар)-н харьяа дундын оффис буюу бидний мэдэхээр shared co-working space-үүд дүүрэг, аймаг болгон дээр залуучуудад үнэ төлбөргүй ашиглах боломжтойгоор нээгдэх гэж байгаа гэсэн.

Нэмж нэг таатай мэдээ дуулгахад Гарааны бизнес бүртгэх журам, Инновацийн бүтээгдэхүүн бүртгэх журам гэх мэт ямар бизнест төрөөс дэмжлэг өгөх гээд байгаа, тэдгээрийг ямар журмаар бүртгэх юм? гэдэг асуултууд ер нь шийдэгдэж байгаа. Харин өөрсдийгөө үнэлүүлэх, цаашид дэмжүүлэх үү үгүй юу гэдгийг шийдэх төрийн бодлого журам гаргахад оролцоотой байхыг залуучуудаас хүссэнийг энд уламжлая. Өөрийн эрхэлж буй бизнесийн үйл ажиллагаатай холбоотой яамдууд, хэрэг эрхлэх газруудын фэйсбүүк хуудсыг дагачихвал цаадуул чинь мэдээллээ төлбөртэйгөөр олон нийтэд цацаж чадахгүй ч сошиалаар аль болох цацаад л байгаа гэсэн шүү.


www.educated.mn

Хэлэлцүүлэг 2: Бизнес эрхлэгчид ба аж үйлдвэрийн 4-р хувьсгал. Нэг зорилго нэг бодлого дор хэрхэн нэгдэх вэ?

Энэ хэсгийн илтгэл болон хэлэлцүүлгүүд илүүтэй залууст урам зориг өгсөн нэгдэн нийлэхийг уриалсан цог золбоотой, бахархал төрүүлэм, нэгийг бодогдуулахаар болсон. Жишээлбэл #Pray4Dulguun гэх онлайн чалленжид Монгол улсын бараг сошиал медиа ашигладаг хүн бүр нэгдсэн. Үүн шиг хэт өндөр байгаа НӨАТ-н татвар, НДШ гээд гарааны бизнес эрхэлж тогтворжиж ядаж буй компаниудад үүсч буй дарамтын эсрэг бүх нийтээрээ хамтран дуу хоолойгоо хүргэж чадвал түүнийг нь шийдэж өгөх баатар аяндаа тодорчихно. Тиймээс бүгдэд маань хэцүү байгаа шударга бус санагдаж байгаа зүйлийнхээ эсрэг зоригтойгоор дуугар бусад залуус ч тэрхүү санаачилгыг нь дэмжвэл олон нийт болохгүй байгаа асуудлыг таниж мэдэн улс төрчид ч тэрхүү асуудлуудыг шийдэж өгөх гэж хичээх нь зүйн хэрэг шүү гэдгийг сануулж байлаа.

www.educated.mn

Илтгэлүүдээс санаанд үлдсэн зарим хэсгүүд:

Полиси төвийн захирал Г. Эрдэнэгэрэл: Том хүсэл мөрөөдөлтэй байж болно тэгэхдээ түүнийгээ гүйцэлдүүлэх ур чадварыг өөртөө бий болго.
Таны муу байгаад бусдын буруу байхгүй. Танаас л бүх зүйл шалтгаалж байгаа.
Бусдын санаачилгыг дэмжих санаачилгатай бай. Сайн сайхан зүйлийг харах чадвартай бай.
Үйлийн үр гэж байдаг. Та юу тарина түүнийгээ л хураана.
Бусад хүмүүсийн хүлээснээс илүү хариуцлагыг үүрч байж амжилтад хүрнэ. 2 идэхгүй хоосон хонохгүй гэсэн балай амбицаас татгалз. 10 идэх ч амбицтай бай 2 идээд цадвал үлдсэн 8-г чадахгүй байгаа хүмүүст нь өгчих. Бусдын дор орохгүй гэж биш дээр нь гаръя гэж амьдар. Харин дээрээс бусдадаа улам илүү урам зориг өгч, боломжийг нээж өгч байвал тэгээл болоо.

Марс Ви төслийн удирдагч С. Эрдэнэболд: Монголын говь бол дэлхийн хамгийн хүйтэн цөл тул түүнийг Марстай адилхан байдлаар хөгжүүлж шинжлэх ухааны аялал жуучлал хөгжүүлэх боломж бидэнд асар их байна. Төслөө санаачлан дэлхийн томоохон улсуудад танилцуулсан бөгөөд дэмжигдэх магадлал маш өндөр байгаа. Тиймээс юу бодож сэтгэж байгаагаасаа бүү ай, дэлхий залуус та бүхэнд нээлттэй байна. Тогооноосоо гар болно гэж бодож буй зүйлийнхээ араас шаргуу хөөцөлд.

UAConsulting-н захирал А. Урангоо: Бизнес бол заавал ашиг олдог байх ёстой. Ямар ч ашиг гаргаж чадахгүй байгаа бол сүйдээд байгаа байгаль орчноо хамгаалах ч юм уу өөр утга учиртай зүйл хийсэн нь дээр.
Өөрийн нөлөөллийг орчиндоо бий болго. Зөв зүйл, хэрэгтэй зүйл хийж байгаа бол түүнийг чинь хавь ойрын чинь хүмүүс мэддэг, чамд тусалдаг, дэмждэг байх төвшинд өөрийн нөлөөллийг үүсгэ.

www.educated.mn

Хэлэлцүүлэг 3: Экспортын замын зураг

Монгол эко бүтээгдэхүүнээр дэлхийд гарах чадамжтай. Хамгийн гол нь бидний үйлдвэрлэж буй эко бүтээгдэхүүний орц найрлагыг хаанаас авсан буюу гарал үүслийг мөшгөх боломжийг бүрдүүлж чадвал Монголчуудад уул уурхайн бус экспортоор орлого олох боломжтой байна.
Энэхүү хэсэгт Европ руу хийх худалдааг дэмжих төсөл буюу EU Tram, E-export Хятадын зах зээлд нэвтрэх платформ болон Эрдэнэс Таван Толгой ХХК-н танилцуулгыг агуулсан нь экспортын одоогийн нөхцөл байдлыг төсөөлөхөд ихээхэн түлхэц болохоор байлаа. Мөн хэлэлцүүлгийн хэсэгт хөрш орнуудын худалдааны төлөөлөгчид ирж яагаад Монголоос гадагшаа гарах экспорт бага байгаа тал дээр доорх саналуудыг өгч байлаа. Үүнд:

  • Ихэнх худалдаа онлайн биш биет байдлаар хийгдэж байна. Монголоос бараа бүтээгдэхүүн экспортлоод авах гааль, логистикоо шийдсэн нэгдсэн платформ алга.
  • Хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагуудын тодорхойгүй, удаашралтай байдал нь Монголын экспортыг ихээхэн хязгаарлаж байна. Дотооддоо учраа олоогүй болохоор гаднын зах зээл хол хэвээрээ л байгаад байна.
  • Хувцас, бүтээгдэхүүн дээр загвар дизайн дээрээ илүү анхаарал хандуулах хэрэгтэй
  • Нэгдсэн нэг Монгол бүтээгдэхүүний брендингтэй болбол бүх үйлдвэрлэгчид хожно. Монгол улс ч ашгаа хүртэнэ.
  • Хятадын гүний гаалийн системийг ашиглан бараагаа худалдсаны дараа Хятадын экспортын татварыг төлөх боломж бий болсон. Энэ мэт гаалийн уян хатан бэлэн бүтээгдэхүүний экспортыг дэмжсэн зохицуулалт Монголд хэрэгтэй байгаа.
  • Худалдаа аж үйлдвэрийн танхим болон хөрш орнуудын худалдааны холбоодтой нягт хамтран ажиллах хэрэгтэй байна
  • Залуус хэл сурч, гадаадад улс орнуудаар явж үзэж харьцуулалт хийн, суралцах хэрэгтэй. Тогооноосоо гарч сэтгэж байж илүү сэтгэж дэлхийд өрсөлдөх бизнесийг хөгжүүлж чадна.

Хэлэлцүүлэг 4: НҮБ тогтвортой хөгжлийн зорилт, Нийгмийн хариуцлага.

Энэхүү хэсэгт байгууллагууд хэрхэн нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлдэг, НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилттой хэрхэн нийцэж ажилдаг талаарх сайн туршлагуудаасаа хуваалцсанаас миний санаж байгаа цөөхөнг дурдвал:

MCS group дэд ерөнхийлөгч Д. Энхтүвшин: Бидний өнгөрсөн хугацаанд үүсгэсэн хамгийн том амжилт бол чадварлаг хүнийн нөөцийг бүрдүүлсэн явдал юм. Манай компанийн хувьд төлж буй татвар болон ажилтнуудынхаа тоогоор улсдаа дээгүүр ордог нь эдийн засгийн хувьд тогтвортой байх боломжийг олон залууст олгож байгаа. Байгууллагаас нийгэмд чиглэсэн төслүүдийг санаачлах болон дэмжиж хамтран ажиллаж ирснийг хүртсэн хүмүүс олон байгаа. Хүүхэд залуучуудад зориулагдсан төслүүдийг байнга дэмждэгийг Ид Шидийн орон 2 төсөлд хандивласан 740 сая төгрөгийн жишээ харуулах ба цаашид ч хүүхэд, залууст хандсан гарах үр дүн нь нийгэмд үнэхээр хэрэгтэй төслүүдтэй хамтран ажиллахаа илэрхийлж байлаа.

Наран трейд ХХК-н ТУЗ-н дарга С. Болдхэт: Боловсролоо дээшлүүлэхгүй бол тогтвортой хөгжлийн талаар ярилтгүй ээ. Залуус боловсролоороо №1 болох хэрэгтэй байна. Боловсролтой байхад хүссэн хүсээгүй ажлын байр олдоно, эрүүл мэнд, байгаль орчин гээд бүхий л тулгамдсан асуудлуудыг ойлгож, санаа зовон түүнийг шийдэх гэж оролдоно. Тиймээс залуучууд 1 дэх эх үүсвэрээс мэдээлэл авах буюу Америк, Англид боловсрол эзэмших хэрэгтэй. Жишээлбэл: Турк улс боловсрол, үйлдвэрлэл болон эрүүл мэндийг тэргүүлэх түвшинд аваачин улсаас бодлоготойгоор дэмжсэнээр богино хугацаанд үсрэнгүй хөгжлийг бий болгож чадсан. Улсын хөгжил хойгуур байхад залууст цаг хугацаа, алдах эрх бараг байхгүй байна. Гэтэл Монгол залуус эндээ бакалавр гэж 4 жил сураад дахиад 1-2 жил ажилласан болоод дахиад гадаадад явж сурна гээд сурах процессдоо хэт их хугацаа зарцуулж байгаа нь эдийн засагт бодитой хувь нэмэр оруулахгүй удах нөхцөлийг бүрдүүлж байгаа тул өөрийгөө дайчлан шууд гадагшаа гарч сурчхаад буцаж ирэн эх орноо хөгжүүлэх хэрэгтэйг зөвлөлөө.

Одь тан ХХК гүйцэтгэх захирал Б. Чанцалдулам: Манай компанийн хувьд үе дамжсан уламжлалт эмчилгээний жороо судлан хөгжүүлж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Монгол оронд бүрэн судлагдаагүй анагаах чадвар өндөртэй олон эмийн ургамал байдаг. Бидний хувьд нэн ховордсон болон бусад түгээмэл ашиглагддаг эмийн ургамлуудын үрийн сан үүсгэхээс гадна эрүүл цэвэр орчинд эмийн ургамлуудаа тарималжуулан түүгээрээ эко бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь нийгмийн хариуцлагатай бизнес эрхэлж буй нэгээхэн жишээ болж байна гэж боддог.


www.educated.mn

Эцэст нь дүгнэхэд чуулган дээр хэлэгдсэн үг бүр залууст чиглэсэн тэднийг ямар нэг зүйл хийхийг, шантрахгүй байхыг илүү хурдтай хөгжихийг уриалсан байсан. Агуулга, зохион байгуулалт дээр нилээн сайн ажилласан нь дээрх маш ихээр товчилсон тоймоос илхэн харагдаж буй биз ээ. Залуучууд харилцаа холбоогоо тэлж болох иймэрхүү арга хэмжээнд тогтмол оролцож хэвшээсэй, энэ төрлийн арга хэмжээ нь жилээс богино хугацаанд бүүр илүү олон залуус хамрагдах боломжтойгоор зохион байгуулагдаж байгаасай гэж хувиасаа хүсмээр. Чуулганы хамгийн гол мессеж нь мэдээж хурдан явья гэвэл ганцаараа, хол явья гэвэл олуулаа гэдэгтэй утга нэг буюу бие биенийхээ сайн сайханд тэмүүлж зорьж буйг дэмжээд, харилцан ашигтай хамтран ажиллаж сураач ээ байсан нь урианаасаа ч тодорхой харагдаж буй. Дахин хэлэхэд залуусаа хэл сур, өөрийгөө хөгжүүл, дассан хүрээ, хязгаараасаа гараад хар – МАШ ИХ БОЛОМЖ БАЙНА, юм хийж буй хүмүүсийг дэмж, залхуурч суух зав та бидэнд байхгүй.

Төгсгөлд нь манай компанийн хувьд НҮБ-с гаргасан тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хангах төсөл хөтөлбөрүүдийг санаачлан үр дүнг нь нийгмийн гишүүн бүр аль болох хүртээмжтэй төвшинд хүртэх экосистемийг бүрдүүлэхээр зорин ажилладаг ба гаднын орнуудад чанартай боловсрол эзэмшихийг зорьж буй залууст чиглэсэн MentorMe – StudyAbroad, мэргэжилтэнгүүдийн өсөлт хөгжилд чиглэсэн олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авна уу.


11
ХУВААЛЦСАН

Сэтгэгдэл үлдээх

 
Captcha image