Том төсөл эхлэхээсээ өмнө хариулах 6 асуулт

НИЙТЭЛСЭН: З. БУЯНХИШИГ
Project Manager, Educated Enterprise LLC
2020 / 02 / 17     1140

Төслийг хэзээ эхлүүлэхээ мэдэх нь төслийн амжилтын эхлэл юм. Гэвч, маш цөөхөн байгууллага цогц төслийн төлөвлөлттэй байдаг. Хэрэв төслөө яарч эхлүүлбэл хугацаандаа дуусгах магадлал нь маш бага бүр цаашилбал бүтэлгүйтэх тохиолдол тулгарна.

Үүний тод жишээ бол 2013 оны 4-р сарын 15-нд худалдаанд гараад 2015 онд хийгдэхээ больсон Google-ийн нүдний шил юм. Уг нүдний шил нь худалдаанд гарснаас хойш хоёр жилийн явцад ахиц муутай байсан нь хэрэглэгчдийн дунд энэ нь эцсийн бүтээгдэхүүн үү эсвэл зүгээр л туршилтын бүтээгдэхүүн байсан эсэх дээр эргэлзээ үүсгэсэн. Хэд хэдэн зах зээл (загварын шоу, экстрем спорт гэх мэт) дээр уг бүтээгдэхүүнийг зоригтойгоор гаргах гэж оролдсоныг эс тооцвол бодит хувьсал хийх бүтээгдэхүүн болгож чадаагүй. Үүний эсрэг жишээ бол Apple-ийн iPhone юм. Анх 2001 онд Стив Жобст iPhone-ийг бий болгох саналыг тавьсан юм. Түүнд уг санаа, ялангуяа тухайн үеийн хамгийн ашигтай, хамгийн хурдан хөгжиж буй салбаруудын нэг болох харилцаа холбооны салбарт хийх өөрчлөлт нь маш их таалагдсан. Сонирхол татахуйц төсөөлөл байсан ч түүнийг ойлготлоо төсөл болгохоосоо татгалзсан. Стив Жобс Apple-ийн удирдлагын багт байгууллагын төвлөрөл, эрч хүч, гол нөөцөө iTunes-ийг өсгөх болон хөгжим сонсох шинэ хэрэгсэл iPod-ийг нэгтгэх гэсэн хоёр стратегийн чиглэлдээ зориулах ёстойг анхааруулсан. Тэрээр ухаалаг гар утасны ойлголтыг цааш нь судлах, туршилтын бүтээгдэхүүнийг боловсруулах, бусад харилцаа холбооны байгууллагуудтай хамтрах ажилд хэдэн инженерийг томилсон юм. Анхны саналаас гурван жилийн дараа буюу 2004 онд ухаалаг утасны төсөл албан ёсоор эхэлсэн. Гайхалтай биш гэж үү?

Дээрх 2 жишээнээс бид байгууллага өөрийн нөөцийг хэзээ ямар төсөл дээр оруулахаа шийдэх нь стратегийн чухал ач холбогдолтойг харж байна. Удирдлагын багт эсвэл хувь хүмүүст зөв цаг нь ирэхэд тохирсон шийдвэр гаргахад нь туслах тодорхой заасан менежментийн арга гэж байхгүй.

Төслийг боловсруулахад S-муруй загварыг ашиглах


www.educated.mn

S-муруй загварчлалыг анх шинэ инноваци нь зах зээлд хэр хурдан нэвтрэн орж, хүлээн зөвшөөрөгдөж, өргөн тархаж болохыг хэмжих зорилгоор Е.М.Рожерс ашиглахыг санал болгож байсан. Уитни үүнийг хувь хүний сурч боловсрох, хөгжүүлэх загварыг гаргахад ашигласан. S-муруйн суурь нь бага өсөлт, удаан үе шат юм. Удаан гэдэг нь харьцангуй ойлголт учир нь хурдацтай шинэчлэлт, өөрчлөлтийн орчинд хэн ч хэтэрхий удаан байх боломжгүй. Гэхдээ шинэ санааг эрэлхийлж буй болон уг санаагаа бодит төсөл болгох боломжийг бага нөөцөөр судлах хугацааг S-муруйн суурь нь харуулж байгаа юм. Энэ үе шатны зорилго нь шинэ санаа нь үнэхээр амжилттай хэрэгжих эсэхийг тодорхойлох явдал юм. Энэ үе шатанд та 6 үндсэн асуултад хариулт өгөх хэрэгтэй.

Уг төслийг өмнө нь хийж байсан уу?

Боловсруулж буй бүтээгдэхүүн, үйлчилгээнд зах зээл байгаа эсэхийг тодорхойлох нь чухал. Үүнийг хийхдээ, зорилтот хэрэглэгчдийнхээ ямар асуудлыг бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ шийдэж байгааг, үнэхээр шийдэл хэрэгтэй эсэх, эсвэл аль хэдийн зах зээлээ эзэлсэн өрсөлдөгчидтэй тулгарах эсэхийг судлаарай. Өрсөлдөөнд танд давуу талыг өгч чадах онцлог танай шинэ санаанд байна уу? Зах зээлд танай бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтэрч болохуйц орон зай байна уу? Танай гаргасан санаа шинэ байх тусам үүнийг судлахад S-муруйн сүүлийн хэсэгт илүү их цаг хугацаа шаардагдах тул төслөө шууд эхлүүлэхээс татгалзаарай.

Төсөл нь танай үндсэн бизнесийн нэг хэсэг ба хэрэгжилтэд нь танай давуу талууд ашиглагдах уу? Эсвэл та цоо шинэ салбарт хүчээ үзэх гэж байна уу?

Үндсэн бизнесээс тань өөр салбар бол S-муруйн төгсгөлд мөн л илүү цаг хугацаа шаардагдана. Түүнчлэн, үндсэн бизнесийн бусад төслүүдээ бүгдийг нь тооцож үзэх нь чухал. Учир нь олон төсөл зэрэг хэрэгжүүлэх нь байгууллагыг эрсдэлд оруулах аюултай. Зарим томоохон байгууллагуудын ашигладаг төслүүдийн зохион байгуулалтыг авч үзвэл нийт төслийнх нь 60% нь үндсэн бизнесийнх, 30% нь хамааралтай бизнесийн салбарынх, үлдсэн 10% нь өөр салбарт хэрэгжүүлж буй төсөл эзэлдэг байна.

Та төслийнхөө хамрах хүрээг нарийн тодорхойлж чадах уу? Төсөл дуусах үед ямар харагдахыг мөн ямар үр дүнд хүрэхийг мэдэх үү?

Үндсэн шаардлагуудаас хэдийг нь та мэдэх вэ (1-100%)? Хэрэв танай төслийн үр дүнгийн талаарх 50% -иас бага хувь нь тодорхой байгаа бол төслийг илүү сайн тодорхойлохын тулд нэмэлт судалгаа хийх нь зохимжтой. Төслийн менежментийн уламжлалт онол нь төслийн эхэнд шаардлагуудыг 100 хувь тодорхойлох ёстой гэж бидэнд заадаг боловч бодит байдалд энэ нь маш хэцүү гэдгийг бид мэднэ. Нийт шаардлагын 80-90% тодорхой болсон үед төслийг эхлүүлэх шатанд шилжих нь зөв.

Хөрөнгө оруулалтын зардал хэд вэ?

Байгууллагад шаардлагатай нөөцүүд бэлэн байгаа эсэхийг, хэрэв байхгүй бол гаднаас авах шаардлагатай нөөцийн хамт тодорхойлно. Энэ нь танай байгууллагын хийж чадах мөн хүсэж байгаа зүйл мөн үү? Төслүүд нь зардал өндөртэй бөгөөд анх төлөвлөснөөс илүү өртөг гарах магадлал өндөр гэдгийг санаарай. Зөвхөн санхүүгийн хувьд төдийгүй илүү нөөц болон менежментийн цагийг шаардах тохиолдол гардаг. Тиймээс төслийг эхлүүлэхийн өмнө зардал нь хэнээс гарах, тооцоолсон нөөцийг бүрэн гаргах боломжтой эсэх, удирдлагын багийн цаг зарцуулалт зэргийг баталгаажуулах хэрэгтэй. Эдгээр нь S-муруйн төгсгөлд хийгдэх чухал шийдвэрүүд юм.

Том байгууллага эсвэл салбарынхаа тэргүүлэгч нартай хамтран ажиллах шаардлага гарч байна уу?

Маш сайн санаанууд, гайхалтай төслүүд нь гол оролцогч талуудын оролцоог бүрэн хангуулаагүйн улмаас бүтэлгүйтсэн тохиолдлууд олон байдаг. Судалгааны үе шат нь төслийн оролцогч талуудыг нэгтгэж, амжилттай хэрэгжих нөхцөлийг нь нэмэгдүүлдэг. Та чухал оролцогч талуудаас худалдан авалт хийж байна уу? Харьцахад хэцүү оролцогч тал байна уу? Байгууллага дотор идэвхгүй оролцогчид байна уу?

Ажлын хуваарь нь ямар байх вэ?

Явц удаан төслүүдийг урьдчилан санхүүжүүлэх нь өртөг өндөртэй мөн хүссэн үр дүнд хүрэх магадлал багатай байдаг. Үндсэн үр дүнгүүдийг тодорхойлж ажлын хуваарийг тодорхой болгох шаардлагатай. Шахуу хугацаанд үр дүнг гаргахыг зорьж байгаа бол багуудаа ухаалаг ажиллуулах хэрэгтэй. Их цаг шаардагдахгүй гэж тооцсон ажлуудаа төлөвлөлтийн үед сайн нягтлах шаардлагатай. Төслөө хэрэгжүүлэхээр шийдсэн бол S-муруй нугаралтын хэсэг нь төсөл эхлүүлэх боломжит үе юм. Шаардлагатай нөөцийг бэлдэж, ажиллагсдын цагийн хуваарьт ажлуудаа тусгаж, зорилгоо тодорхой болгож, хугацаагаа тогтоосон байх ёстой. Шаардлагатай хэрэгцээг бүгдийг нь тодорхойлж хангасан үед л төслийг эхлүүлэх нь зөв. S-муруйн эгц нуруу хэсэг нь огцом өсөлтийн үе юм. Төсөл эхэлсний дараа энэ муруйгаас хурдан дээш гарахад бэлэн байх ёстой. Бид амжилтад хүрэх магадлал өндөртэй, үндэслэлтэй төслүүд бий болгохыг хүсдэг. S-муруйн төгсгөл нь тухайн санаа хэрэгжих чадвартай эсэх, санаагаа хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдэгдэхгүй хэсгийг олж мэдэх, эсвэл уг санааг хэрэгжүүлэх хугацаа нь болоогүйг тодорхойлох боломжийг бий болгодог. Заримдаа төслийг хэрэгжүүлж эхлэхээс нь өмнө зогсоох нь хамгийн азтай тохиолдол болдог.

Эх сурвалж: https://hbr.org/

0
ХУВААЛЦСАН

Сэтгэгдэл үлдээх

 
Captcha image